Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх үүргийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж байна.
Орон нутгийн хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмгэгийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрчимжүүлэх зорилгоор тус эмнэлгүүдээс 10 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг 2023.09.04-2023.09.14-ны хооронд Сүхбаатар аймагт ажиллахаар гарч байна.
Эмч нарын багт эмэгтэйчүүдийн хавдрын эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, дотор, эхо болон дурангийн эмч нар багтаж, нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийнэ. Мөн орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг хийж, ажлын байрны сургалт зохион байгуулан, эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана гэдгээр онцлогтой.
Нөгөө талаас эрт илрүүлэг үзлэг, оношилгоог орон нутагт эрчимжүүлснээр аймгуудын сумын алслагдсан багт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах боломж бүрдэж байна.
Нарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутагт очиж үзлэг хийхээс гадна иргэд, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгож, жирэмсэн ээжүүдэд хяналт, эмэгтэйчүүдийн хавдрын урьдал умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, өвчний оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм.