Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

УМАЙН ХОРГҮЙ ХАВДРЫГ ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ БОЛОВСРУУЛЛАА

2023-04-17

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/ нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол улсад анх удаа Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency myom ablation/ өсөлтийг зогсоож, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн.

Энэхүү эмчилгээг 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байна. Эмчилгээний дараа хавдрын хэмжээ багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовиур бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ААГТМЭ нь 2018 оноос БНСУ-ын “RF Medical” төвд Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологит эмч нараа сурган бэлтгэж, уг төвийн эмч нартай хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод 2 удаа зохион байгуулж, Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга - үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж байна.

Бид эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан ’’Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж’’ боловсруулсан бөгөөд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж байна.

Мөн 2023.04.14-ний өдөр умайн хоргүй хавдартай 2 тохиолдолд хэт авиан хяналтан дор хавдрыг түлэх эмчилгээг ААГТМЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нарын баг хийлээ.

Эмчилгээний явцад БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo оролцон эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж, хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн умайн салстыг богино долгионоор түлэх /Microwave endometrial ablation/ эмчилгээний талаар ярилцаж, Монгол-Солонгос эмч нар мэдлэгээ солилцож, цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.

7711-1555